11/01/2026
Гадаад руу явж байгаа зарим хүмүүст сануулаад хэдэн юм хэлчихмээр санагдаад байх юмаа...
1. Онгоцны үйлчлэгчтэй боловсон харьц. Тэд зарц биш. Та хаан биш. 
2. Сэльфи хийхдээ арын суудлын хүнээ зурагтаа битгий оруул.
3. "Шийпртэй" бол онгоцонд гутлаа битгий тайл.
4. Онгоцонд сууж бууж сурмаар байна аа, нөхөд өө. Онгоцны ахмад суудлын бүсний гэрэл унтартал суудалдаа сууж бай гээд сануулсаар байтал онгоц зогсоогүй байхад бүгдээрээ бүсээ тас няс хийлгээд босч зогсоод түлхэлцээд байдагаа больцгоо. Яагаад яараад байдаг юм?Тэртэй тэргүй чи түрүүлж буухгүй ш дээ. Урд суудлууд сулармагц яаралгүй ачаагаа аваад гар. Гарахдаа онгоцны үйлчлэгчид баярлалаа гэж хэл.
5. Ялангуяа Солонгос явж байгаа зарим хүмүүс хэл мэдэхгүйгээсээ болж хил дээрээс буцаж байгаа харагддаг. Аяллын зорилго тодорхойгүй, очих газрын хаяг байхгүй, асуусан асуултанд нь хариулж чадахгүйгээсээ болоод immigration-ий цаад өрөө рүү ордог. Тэгээд будаа. Хайран мөнгө зардал. Ядаж буудал захиалаад ямар нэг хаяг биччих. Асуухыг нь хүлээлгүй шаардлагатай гэсэн материалуудаа нэгтгээд бүгдийг нь паспорттойгоо цуг өг. Хэрэггүй бол эргүүлээд өгчихнө.
6. Ус цасанд ороод, үс зүсээ анхаараад, шинэ хувцас хунар өмсөөд яваач. Харваас ‘Би 3 сар ажил хийнэ’ гэсэн царайтай хачин юм иммигрэйшн дээр очихоор чинь мэдээж буцаана ш дээ. Дээрээс нь хэлгүй.
7. Ер нь тэгээд гадаадад хэлгүй бол хөлгүй гэж... өөрийгөө ч эвгүй байдалд оруулаад тэнэг цайрайлаад л явна ш дээ. Фейсбүүк ухаж суухаар Солонгос явъя гэвэл Солонгос ярианы өврийн дэвтэр аваад хэд гурван үг цээжлээч. Хангиль мэдэхгүй ч гэсэн кириллээр галиглачихсан болохоор цээжлэхэд амархан.
8. Хэрэв чи ажил хийхээр очиж байгаа бол Солонгост байнга амьдарч ажилладаг хамаатнууд, найзуудаа битгий хүндрүүлээрэй.
9. Дугуйтай гар чемодан авчих аа, амар ш дээ. Эрээнд яваа аятай энд тэндгүй бондгор цүнхнүүд өнхрүүлээд… Бас ачааныхаа жинг битгий хэтрүүл.
10. Коронагаас хойш хаа сайгүй ямар нэг төхөөрөмж, self check-in, янз бүрийн апп энэ тэр ашигладаг болчихсон. Хэл устай хүнээс асуугаад явахаасаа өмнө бөглүүлээд баркодоо скрийншот хийгээд авчих. Хэлгүй тэгээд учир мэдэхгүй бол яарч битгий үйлдэл хий. Хүмүүсийг хар, ажигла.
11. Урсдаг шатан дээр баруун гар талаа барьж урд хүнээсээ нэг шат алгасаад зогс. Хүний биед хүрч, хүзүүн дээр нь амьсгалаад байж болохгүй.
12. Заримдаа аэрпорт, метро, дэлгүүрт гээд хаа явсан газраа лайвдаад чанга яриад ойр хавийн хүмүүсээ хамаагүй харуулаад хашгичаад байдаг. Харахаар энэтхэг эсвэл монгол л байдаг. Энэ их бүдүүлэг шүү. Утсаараа видео үзэх бол чихэвчээ зүү.
13. Инчеон дээр МИАТ-ын онгоц буухад хүч нэмэгдүүлж нохой үнэртүүлж чемодан сав бүрийг конвейрт оруулж рентгенээр хардаг болсон. Малын гаралтай хүнс оруулахгүй гээд байхад л нөгөө шуузалсан мах, борц, хиам нууж гарах гэж баригдаад шившиг болох юм даа. Тэгэж л монгол хоолоо санаад байдаг юм бол Монгол тауны дэлгүүрүүдэд бүх юм байгаа ш дээ.
Инчеоны аэрпортийн иммигрэйшний болоод гаалийн ажилтнууд, нисэх буудлын ажилтнууд хэдэн жилийн өмнө их найрсаг харилцдаг байсан. Одоо бол монголчуудтай харьцахдаа шууд илэрхийлж хэлэхгүй ч гэсэн бүгд залхсан, зэвүүцсэн, дээрэнгүй байдал нь харц болон биеийн хэлэмжээс нь илэрхий болсон.
14. Зарим монголчууд гадаадад хулгай дээрэм, гэмт хэрэг хийж агсан согтуу тавьсаар байгаад, мөн оркуудын тэнэг үйлдлүүдээс болж Монгол улсын паспорт ямар ч нэр хүндгүй, үнэ цэнгүй болсон. Зөвхөн Солонгост ч биш бусад орнуудад мөн адил монголын улаан паспорт харсан л бол цагаачлалын алба, гаалийнхны харьцаа нь өөр болж хатуу асууж шалгааж, бүр өөр өрөө рүү оруулж хянаж, байцааж шалгадаг болсон. Америк руу ороход иммигрэйшний офицер орох зөвшөөрөл өгсөн хэрнээ паспорт буцааж өгөлгүй шууд хүн дуудаад миний паспортыг өгч гаалийн шалгалт руу явуулж чемодан шалгаж байна лээ. Хаа явсан газраа оркуудын өмнөөс ичдэг боллоо.
Чиний нэр гарахгүй, Монгол гэдэг нэр л гарна. Гадаадад яваа хүн бүр дор бүрнээ хичээдэг болоосой. Гадаадад зорчихдоо монгол гэхээсээ ичих биш I’m from Mongolia гэж омог бардам хэлдэг болмоор байна.
Copy